ISO 9001 гэж юу вэ?

ISO 9001 гэж юу вэ?

Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001-ийг Олон Улсын Стандартын Байгууллага 1987 онд анх батлан гаргасан түүхтэй бөгөөд тодорхой хугацаанд байнга шинэчилж байдаг. Хамгийн сүүлийн шинэчлэл нь 9001:2015 оных бөгөөд 2015 оны 9 сард хэьлэгджээ. Чанарын удирдлагын дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн гаргасан энэхүү тогтолцоог том, жижиг, ашгийн, ашгийн бус, хувийн эсвэл улсын гээд ямар ч байгууллагад хэрэгжүүлэх боломжтой юм.

Тус стандартыг зөв зүйтэй хэрэгжүүлж чадвал тухайн стандартыг хэрэгжүүлсэн гэсэн гэрчилгээг бие даасан, баталгаажуулалтын байгууллагаас авч болно.

ISO 9001 гэрчилгээг авсан тохиолдолд үйлчлүүлэгч/хэрэглэгч нь тухайн байгууллагын дотоод процесс, үйл явцыг давхар хянаж, шалгах шаардлагагүй, тухайн хяналт шалгалтыг компани өөрийн дотоод аудит болон гадны баталгаажуулалтын байгууллагын тусламжтай хийчихсэн гэдгийг илтгэнэ. Ийм ч учраас ISO 9001 стандарт нь зарим нэг байгууллагын хувьд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд онцгой үүрэгтэй байдаг. 

ISO 9001 нь Чанарын Удирдлагын Стандарт тул бусад стандартын үндэс суурь нь болдог юм. Тодруулбал, машин тоног төхөөрөмжийн ISO/TSA 16949, агаарын тээврийн AS9100, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн ISO 13485 зэрэг салбарын стандартуудын үндэс нь буюу нэгэн чухал хэсэг нь болж орсон байдаг.  

ISO 9001 нь ISO 9000-ийн багц стандартуудын нэг нь бөгөөд энэхүү багцад  ISO 9000 буюу ЧУТ-ы үг хэллэг, зарчмыг тайлбарласан стандарт, ISO 9004 буюу дээрх тогтолцоог хэрхэн үр ашигтай хэрэгжүүлэх вэ гэдгийг заасан стандарт зэрэг багтдаг.

ISO 9001 танай байгууллагад ямар ач тустай вэ?

ISO 9001-ийг хэрэгжүүлснээр байгууллагын зардлыг хэмнэдэг, үр ашгийг нэмэгдүүлдэг зэрэг олон давуу тал, үр ашгийг тухайн байгууллагад бий болгодог. Тухайлбал:

Тухайн стандартыг хэрэгжүүлж, баталгаажуулалтанд хамрагдсанаар Танай байгууллага “хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хамгийн ихээр дээдэлдэг бөгөөд хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн ажиллаж, тэдэнд амласан амлалтандаа хүрч чадна” гэдгийг баталж байгаа хэрэг юм.
ISO 9001 стандарт нь хэрэглэгчийн шаардлагыг зөвөөр тодорхойлж, түүнд нийцүүлэн ажилласнаар сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ёстой гэдэг санаанд гол анхаарлаа хандуулдаг. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангаж чадвал үүнийг дагаад эрэлт хэрэгцээ ч гэсэн нэмэгдэх боломжтой болно.
Чанарын удирдлагын тогтолцоо нь процесс буюу үйл явцад суурилсан арга барилыг ашигладаг тул танай байгууллагын бүхий л үйл явц, процессийг хянаад зогсохгүй, тэдгээр процесс нь хоорондоо хэрхэн уялдаж байгааг ч хянадаг. Ингэснээр хаана нь сайжруулалт хийж, хаана нь нөөцөө хэмнэж болох вэ гэдэг нь тодорхой болох юм.
Чанарын Удирдлагын тогтолцоо нь бодит баримт дээр тулгуурласан шийдвэр хамгийн зөв шийдвэр байдаг хэмээх санаанд үндэслэдэг. Ингэснээр аливаа байгууллага асуудал шийдвэрлэх, үр ашгаа нэмэгдүүлэх, үр дүнтэй ажиллах зэрэгт өөрийн нөөцөө хамгийн зөвөөр хуваарилах боломж гарна.
ISO 9001-ийн гол зорилго нь байнгын сайжруулалт учраас хэрэгжүүлэгч байгууллага нь цаг хугацаа болон хөрөнгөө ихээр хэмнэх боломжтой. Байгууллага өөрөө байнгын сайжруулалтыг зорилго болгож ажилласнаар ажилчид ч гэсэн өдөр тутмын ажлаа сайжруулж, эерэг өөрчлөлт бий болгохыг хүснэ.
Аливаа үйл явцыг сайжруулах гол үүрэг рольтой хүн нь тухайн үйл явц, процесст гар бие оролцож байгаа ажилтан юм. Та ажилтнууддаа өөрийн хариуцан ажиллаж буй ажлаа зүгээр хариуцан ажиллах биш харин сайжруулах боломжийг нь өгвөл байгууллагын цаашдын амжилтанд хичнээн чухал үүрэгтэй оролцож байгаагаа тэд ойлгоно.
Удирдлагын системийн үндсэн тогтолцоо болсон ISO 9001 нь бусад салбарын нарийвчилсан стандартуудыг хэрэгжүүлэхэд илүү дөхөмтэй болгодгоороо онцлог юм. Тухайн стандартад удирдлагын үнэлгээ, дотоод аудит, бичиг баримтын менежмент зэрэг бусад стандартын үндэс болсон шаардлага нь хангагдчихсан тул ISO 9001-ийг хэрэгжүүлсэн байхад бусад стандартыг хэрэгжүүлж, ойлгоход илүү хялбар болдог.