Чанарын удирдлагын тогтолцоо

Чанарын удирдлагын тогтолцоо ба түүний зорилго

Компанийг хөгжүүлэх, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг чухал хүчин зүйлүүдийн нэг нь зах зээл буюу хэрэглэгчид байдаг учир ямар ч бизнес эрхлэгч хэрэглэгчдийнхээ хүсэл, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж байж амжилтад хүрнэ. Гэтэл хэрэглэгчдийн хүсэл, худалдан авах бүтээгдэхүүндээ тавих шаардлага, тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр авах сэтгэл ханамж зэрэг нь байнга хувирч, өөрчлөгдөж байдаг тул бизнес эрхлэгчдийн хувьд байнга эдгээрт тохируулж ажиллахад хүндрэлтэй байдаг. Иймээс компанид эдгээр хүндрэлтэй асуудлыг шийдэхэд нь “Чанарын удирдлагын тогтолцоо” (ЧУТ) тусладаг.

“Чанарын удирдлагын тогтолцоо” нь орчин үеийн менежментийн арга хэрэгслүүдийн нэг бөгөөд энэ нь хэрэглэгчдийн шаардлагад байнга нийцэж байх, тэдний сэтгэл ханамжийг байнга дээшлүүлж байх бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох бизнесийн цогц процессууд юм. Өөрөөр хэлбэл, компани ЧУТ-г үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр өөрийн хэрэглэгчдийн тоо хэмжээ, цар хүрээг нэмэгдүүлж, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй сайжруулж, зах зээл дэх өөрийн байр суурийг нэмэгдүүлэх боломжтой болдог.

Үүнээс гадна дараах зорилготойгоор чанарын удирдлагын системийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Бүтээгдэхүүний, үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулах
  • Компаний үйл ажиллагаа, процессыг сайжруулах
  • Бүтээмжийг нэмэгдүүлэх
  • Өрсөлдөх давуу талаа сайжруулах гэх мэт.

Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх арга замууд

ЧУТ-г том, дунд, жижиг ямар ч хэмжээний, ямар ч үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллага хэрэгжүүлж болно. ЧУТ-г компанид хэрэгжүүлэх нь тухайн компаний хувьд стратегийн шийдвэр байдаг тул хэрэгжүүлэгч компанийн удирдлагуудын энэ талаарх мэдлэг, мэдээлэл, ЧУТ-г хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл хамгийн чухал байдаг. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд ЧУТ-г хэрэгжүүлэхэд дараах асуудлуудыг ЧУТ-ы зарчим болгон чухалчилж үздэг болсон. Үүнд:

  • Хэрэглэгчид төвлөрөх буюу хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэх, хэрэглэгчийн шаардлагад байнга нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж байх;
  • Манлайлал буюу ЧУТ-г хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагын манлайлал, удирдлага маш чухал гэдгийг анхаарах;
  • Хүмүүсийн оролцоо буюу ЧУТ-г хэрэгжүүлэхэд тухайн байгууллагын бүх шатны ажилчид, удирдлагууд бүгд оролцох ёстой;
  • Процессийн арга буюу ЧУТ-г хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаа бүр тодорхой процессийн дагуу хэрэгждэг байхаас гадна ЧУТ ч тодорхой процессийн дагуу хэрэгждэг;
  • Сайжруулалт буюу хэрэгжүүлэгч байгууллага ЧУТ-оо тасралтгүй сайжруулах замаар өөрийн үйл ажиллагаа, процессоо тогтмол сайжруулна;
  • Нотолгоонд үндэслэсэн шийдвэр гаргалт буюу аливаа шийдвэр бүр тодорхой нотолгоо, судалгаанд үндэслэж гарч байх ёстой;
  • Харилцааны удирдлага буюу ЧУТ-г хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс хэрэглэгчид, хамтрагчид, өрсөлдөгчид гэх мэт бүх талуудтай харилцах харилцааг удирдаж байх ёстой.

ЧУТ нь менежментийн PDCA буюу “Төлөвлө – Хэрэгжүүл – Хяна – Сайжруул” мөчлөгийн дагуу хэрэгждэг. Энэ нь:

  • Plan буюу Төлөвлөх: Юуны түрүүнд компанийн өнөөгийн төлөв байдал, ирээдүйд компанид учирч болох эрсдэлийг тодорхойлсны үндсэн дээр ЧУТ-г хэрхэн хэрэгжүүлэх, ямар үр дүнд хүрэх талаар төлөвлөнө.

  • Do буюу Хэрэгжүүлэх: Төлөвлөсний дагуу ЧУТ-оо хэрэгжүүлнэ.

  • Control буюу Хянах: ЧУТ-г хэрэгжүүлж эхэлснээс тодорхой хугацааны дараа хэрэгжилтийн байдалд хяналт мониторинг хийж үздэг бөгөөд үүний үр дүнд ЧУТ анх төлөвлөсний дагуу хэрэгжиж байгаа эсэх, төлөвлөлтийн үед тодорхойлсон үр дүндээ хүрсэн эсэх, цаашид сайжруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг тодорхойлно.

  • Act буюу Сайжруулах: Өмнөх хяналт, мониторингийн үр дүнд үндэслэн ЧУТ-г цаашид сайжруулах арга хэмжээ авна.

Ийнхүү байгууллагад ЧУТ-г хэрэгжүүлэхдээ тухайн байгууллагын алсын хараа, стратегийн зорилго, зорилтуудыг хангахад чиглэгдэх бөгөөд байгууллагын бизнесийн процесс, бодлоготой уялдуулж хүн, цаг, санхүүжилт гэх мэт шаардлагатай нөөцөөр хангаж өгсний үндсэн дээр тодорхой баримтжуулсан мэдээллүүдийг бий болгож, хэрэгжүүлдэг. ЧУТ-г яаж хэрэгжүүлэх, ямар шаардлага хангасан байх ёстой зэргийг нарийвчлан тодорхойлсон бичиг баримт бол Олон Улсын Стандартын Байгууллагаас батлан гаргасан ISO 9001:2015 стандарт юм.

Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсний үр ашиг

ЧУТ-г хэрэгжүүлсний үр дүнд компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэгдэж бэлэн болсны дараа шалгаж, гологдол, дутагдлыг илрүүлэх бус, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болох, үйлдвэрлэх явцыг тодорхой хяналт дор хэрэгжүүлэх замаар үйлдвэрлэлийн явцад алдаа, дутагдлыг олж илрүүлдэг болно. Үүний үр дүнд тухайн байгууллагын бүтээмж, төрөл бүрийн нөөцийн хэмнэлт, ашиг нэмэгдэж, зах зээлд эзлэх компанийн байр суурь, өрсөлдөх чадвар сайжирдаг. Түүнчлэн:

  • Компанийн нэр хүнд өснө,
  • Хэрэглэгчдийн цар хүрээ, тоо хэмжээ нэмэгдэнэ,
  • Компанийн бизнесийн бүх үйл ажиллагаа цэгцтэй, тодорхой хяналттай явагддаг болсноор компанийн удирдлагууд хаана, ямар алдаа дутагдал байна, хаана, юуг, яаж сайжруулах вэ гэдгийг түргэн шуурхай мэдэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой болно. Үүний үр дүнд компанийн үр ашиг нэмэгдэнэ.
  • ЧУТ-ын нэг гол зорилт болох тасралтгүй сайжруулалтыг компани байнга хийснээр тасралтгүй өсч, хөгжих боломжтой болохоос гадна компанийн ажиллагсад илүү ур чадвартай болж, бүтээмж нэмэгдэнэ.