Ханган нийлүүлэгчдийн хөгжил, чанарын төв

Эдийн засгийн орчин тогтворгүй, зах зээл жижиг, дэд бүтэц муу хөгжсөн, зардал өндөр, бүтээмж сул зэрэг олон хүчин зүйлийн улмаас Монголын ЖДҮ эрхлэгчид бүс нутгийн ЖДҮ эрхлэгчидттэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул хэвээр байна. Зах зээл, худалдан авагчийн шаардлага, шалгуурт (чанар, тоо хэмжээ, цаг хугацаа) үйл ажиллагаагаа нийцүүлэн, өрсөлдөн зохицох чадвартай дотоодын бизнесүүдийг хөгжүүлэх шаардлагатай хэвээр байна. Ханган нийлүүлэгчдийн хөгжил, чанарын төв (ХНХЧТ) нь чухам энэхүү шаардлагаас үүдэн 2012 оны 12 дугаар сард хувийн хэвшлийн төлөөллийн санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллага юм. ХНХЧТ-ийн үндсэн зорилго нь ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, чанарын удирдлагын талаарх бизнес эрхлэгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх замаар дотоодын ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах юм. ХНХЧТ нь худалдан авагчид суурилсан буюу зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчмыг баримталдаг. Иймээс ХНХЧТ-ийн үйлчлүүлэгчид нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, стандартыг сайжруулах, бүтээмжээ дээшлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хангалттай түүхий эд бүрдүүлэх, худалдан авагч олох, худалдан авагчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх шаардлага тулгарсан ЖДҮ эрхлэгчид байдаг. Бид ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн эх үүсвэр олоход дэмжлэг үзүүлэх, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, менторын үйлчилгээ, том худалдан авагчид зуучлах зэрэг ЖДҮ эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, нэн тэргүүнд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад чиглэгдсэн үйлчилгээ үзүүлдэг. ХНХЧТ нь Хараат бус Төлөөлөн удирдах зөвлөлтэй, чадварлаг техникийн болон үйл ажиллагааны багаас бүрдсэн бизнес хөгжлийн байгууллага юм. 

Алсын хараа

ХНХЧТ нь ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, чанарын удирдлагын олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх замаар Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэгч, салбарын тэргүүлэгч байгууллага байна. 

Эрхэм зорилго

ХНХЧТ нь нэг талаас худалдан авагч томоохон компаниудын ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, нөгөө талаас дотоодын үйлдвэрлэгчдэд худалдан авагчийн шаардлагад нийцүүлэн борлуулалтаа нэмэгдүүлэхэд шаардлагатай чанарын удирдлагын стандарт, олон улсын шилдэг туршлага нэвтрүүлэх, техникийн болон санхүүгийн туслалцаа авахад дэмжлэг үзүүлнэ.