Зах зээл юу хүсэж байна түүнийг л үйлдвэрлэ

“Ханган нийлүүлэгчдийн хөгжил чанарын төв” ТББ-ийн гүйцэтгэх захирал Б.Төгөлдөртэй ярилцлаа. Тус байгууллага нь хувийн хэвшлийн төлөөллийн санаачлагаар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Бизнесийн дэмжих санаачлага” төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан, бизнес хөгжлийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм. 

-Байгууллагын үндсэн үйл ажиллагаа болон энэ чиглэлд ажиллах болсон шалтгаан юу вэ? 

-Ханган нийлүүлэгчдийн хөгжил чанарын төв нь анх 2012 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан. Тухайн үед хувиараа үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй уулзаад тулгараад байгаа гол асуудал нь юу вэ гэдгийг судалсан. Үүний үр дүнд хувийн хэвшил төдийгүй томоохон компаниуд нэг зүйл дээр санал нэгдэж байсан. Тэдний хэлж буйгаар бид бизнес хийгээд тодорхой түвшинд хүрчихсэн. Гэхдээ нэг цэг дээр ирээд зогсчихоод байна. Цааш хөгжихийн тулд бидэнд чанарын удирдлага гэдэг зүйлийн талаарх ойлголт мэдээлэл,   мэдлэг хэрэгтэй байна. Ялангуяа томоохон компаниуд гэхээсээ илүү тус компаниудад үйлчилгээ үзүүлж байдаг жижиг ханган нийлүүлэгчдийг энэ талаар ойлголттой болгох шаардлага байгааг онцолсон. 

Цааш алхахын тулд олон улсын стандарт,  чанарын шаардлага хангасан ханган нийлүүлэгч, бүх бүтээгдэхүүн нь гологдолгүй гарч байх дотоодын нийлүүлэгчдийг бэлтгэх хэрэгтэй байна. Яг ийм зарчмын талаар хэд хэдэн том компаниуд санал тавьсны дагуу энэ салбарт үйл ажиллагаа явуулах ойлголт анх төрсөн. 2011 оны үед энэ чиглэлээр судалгаа явуулж байхад манай улсад чанарын удирдлага гэдэг ойлголт тааруу байсан. Үүнээс хойш багагүй өөрчлөлт гарсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч чанарын удирдлагийн талаарх бүх үйл ажиллагааг дэмжих талаар тусгаж өгсөн. 

-Чанарын удирдлага гэдэг ойлголт шинэ төдийгүй бүхий л салбарт дутмаг байгаа нь үнэн.  Энэ бүгд юунаас шалтгаалж байна вэ? 

-Бидний зорилго дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх юм. Худалдааны компани бол манай үйлчлүүлэгч биш гэж ойлгож болно. Нэг газраас аваад нөгөөд зарж байгаа бол манай үйлчлүүлэгч биш. Монголын бизнес эрхлэгчид олон хүчин зүйлээс болоод өрсөлдөх чадвар муутай байна. 

Макро эдийн засгийн орчин тогтвортой биш, зах зээл жижиг, дэд бүтэц муу хөгжсөн зэргээс өрсөлдөх чадвар тааруу байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор үндсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь ханган нийлүүлэгчдийн хөтөлбөр юм. Бид үүгээрээ томоохон худалдан авагч нарт яаж бүтээгдэхүүн нийлүүлэх вэ, тэдний тавьсан шаардлагад яаж нийцүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Тухайлбал,  томоохон худалдан авагчид бид Монголоос худалдан авах сонирхол байна. 

Гэхдээ тэд чанарын шаардлага хангахгүй, хугацаандаа нийлүүлж чадахгүй байна гэсэн асуудал тулгардаг гэдэг. Энэ үйлдэлд бид чанар болоод ханган нийлүүлэлтийн тал дээр тусламж үзүүлдэг. Шаардлагатай бол санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Мөн чанарын удирдлагын хөтөлбөр үйлчилгээгээр бид бизнес эрхлэгчид ард түмэнд ойлголт өгөх зорилгоор сургалт зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, ISO 9001-ийн олон улсын сертификаттай сургалт зохион байгуулж байна. 

-Өнөөг хүртэл хэчнээн байгууллагатай хамтарч чанарын түвшинд ахиц гаргасан байна вэ? 
-Ханган нийлүүлэгчдийн тухайд чанарыг эрхэмлэхийг уриалдаг. Манай ихэнх үйлчлүүлэгч өөрсдийн чадах зүйлийг үйлдвэрлэчихээд түүнийгээ зарах гээд байдаг. Харин бидний зүгээс “Та зарж чадах зүйлээ л үйлдвэрлэ” гэж зөвлөдөг. Монгол Улс уул уурхайгаас хамаарсан эдийн засагтай, ирээдүйд хөгжих боломж бий. Гэхдээ уул уурхайн ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх замаар жижиг,  дунд бизнесээ хөгжүүлэх боломжийг ашиглах хэрэгтэй. 

Эрдэнэт, Оюутолгой ханган нийлүүлэлт бүгд дотоодоос хангагдаж байвал бид хөгжинө гэсэн үг. Одоогоор 30 орчим байгууллагад чанарын удирдлага буюу дээр хэлсэн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Манай үйлчлүүлэгчид тодорхой худалдан авагчтай, өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй хэдий ч зах зээлээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна гэсэн үүднээс манайд ханддаг. Чанарын удирдлагын талаарх сургалтад 350 орчим жижиг,  дунд бизнес эрхлэгчдийн 600 гаруй хүн сургалтад хамрагдаад байна. 

-Дотооддоо үйлдвэрлэснээр хэмнэлт хэр гарч байна вэ? 

-Үнийн хувьд ойролцоо байдаг ч хамгийн гол нь цаг хугацаа, тээврийн зардал хэмнэнэ. Мөн найдвартай ханган нийлүүлэгчтэй болдог учраас дотооддоо хөгжүүлэх сонирхол их байна. 

-Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэхээр санхүүгийн асуудал тулгамддаг тухай үйлдвэрлэл эрхлэгчид хэлдэг? 

-Ихэнх үйлдвэрлэгчийн хувьд санхүүгийн асуудлаас илүү менежментийн тааруу байдлаас болдог. Бизнес санааны хувьд та юу хийх гэж байгаа,  худалдан авагчид нь хэн байх вэ гэхэд зах зээл дээр гараад шууд л гацахаар санаа байдаг. Өнөөдөр та 10 бүтээгдэхүүн гаргаж байсан бол маргааш 100 хийхэд хэрэглэгчид яагаад авна гэж бодож байна вэ гэсэн асуултад л манайхан уначихдаг. Худалдагч худалдан авагч нарын харилцаа илүү албан ёсны, итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй.Томоохон байгууллагуудын хувьд өдөр тутмын санхүүгийн асуудлаас гарсан байдаг. Харин жижиг ханган нийлүүлэгчдийн хувьд өдөр тутмын орлогоосоо санхүүждэг зэрэг санхүүгийн хувьд асуудал болж магадгүй. Манайд хандаж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50-60 хувь нь мөнгөний гэхээсээ илүү менежментийн асуудалтай байдаг. 

-Харилцагч байгууллагуудын хувьд чанарт анхаарч ажиллаж байгаа салбар төдийгүй түлхүү хөгжүүлбэл зохих салбар нь юу вэ? 

-Саяхныг хүртэл салбарын хязгаарлалт байгаагүй. Сүүлийн жилүүдэд барилга,  арьс, ноос, ноолуурын салбарт харилцагчид их бий. Яваандаа мах, ноос ноолуур, хүнсний ногоо, мэдээллийн технологи, үйлчилгээ гэсэн зургаан салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. 

Монгол Улс хоёр том гүрний дунд орших учир аль нэг салбарт түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй. Дээр хэлсэн салбаруудыг анхаарах юм бол ихэнх түүхий эд нь дотооддоо, байгаа салбар юм. Манайд бүтээмж муудсаар байгаа. Тухайлбал, мал аж ахуйн салбарт хонь их байлаа гээд бид махны дутагдалд орж байна. 

Түүнийгээ боловсруулж чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн гарахгүй байгаагаар хэмжиж болно. Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэлгүйгээр хөгжсөн хоёрхон л улс байдаг. Сингапур, Хонконг. Хөдөө аж ахуйн салбарын хөгжил малын тоогоор бус бэлтгэж буй махны нөөцөөр тодорхойлогдоно.