Амжилтын түүх

Чанарын удирдлагын сургалтын үр дүнгээс

Чанарын удирдлагын сургалтын үр дүнгээс

ХНХЧТ нь 2013 оны 6 дугаар сараас 2015 оны 8 дугаар сарын хооронд чанарын удирдлагын нийт 35 сургалт зохион байгуулж 350 орчим хувийн хэвшлийн 650 гаруй мэргэжилтэн, иргэд хамрагдаж чанарын удирдлагын талаарх өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлээд байна. ХНХЧТ-ийн чанарын удирдлагын сургалтанд АПУ, Оюу Толгой, Хаан Банк, Хас Банк, Модерн Номадс сүлжээ ресторан, Эрдэнэт УБҮ зэрэг томоохон компаниуд нь ажиллагсадаа тогтмол хамруулж, хамтран ажиллаж байна. Энэ нь сургалтанд хамрагсад сургалтаас олж авсан мэдлэг чадвар, арга аргачлалыг ажлын байр төдийгүй өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэн үр дүнгээ өгч байгаагийн илрэл гэж үзэж байна.

Оюу Толгой ХХК-ийн Засвар үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Алдарбаяр

Оюу Толгой ХХК-ийн Засвар үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Алдарбаяр

Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд хүсэлтийг минь хүлээн авч 6 сигма ногоон бүс - DMAIC сургалтыг амжилттай зохион байгуулж өгсөнд хамт олныхоо өмнөөс ХНХЧТ ТББ-д талархал илэрхийлье.

Миний бие Оюу Толгой Компанийн ил уурхайн хүнд машин, механизмын засвар үйлчилгээний хэлтэст ахлах мэргэжилтэнээр ажилладаг. Maнай засварын цехийн үйл ажиллагааг чадварлаг залуусаас бүрдсэн баг хамт олон 24 цагийн туршид тасралтгүй авч явдаг бөгөөд жинхэнэ их ажил өрнөсөн гaзар байдаг. Нэг үгэээр бол машин, техникүүдийн хувьд бол эмнэлэг нь болсон газар юм. Бид бүх машин техникүүдийн аюулгүй болон бэлэн байдлыг байнгын өндөр түвшинд хангаж уурхайн зорилтот үйл ажиллагааг дэмжин ажиллах өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Гэхдээ бид зөвхөн нэгэн хэвийн үйлчилгээг хийж аливаа эвдрэл гэмтлийг хурдан шуурхай засахдаа бус тухайн эвдрэл чухам ямар хүчин зүйлсээс үүдэлтэй, учир шалтгаан нь юу байв гэх зэрэг асуудлуудад илүү анхаарч, нарийн мэдээ мэдээлэл цуглуулж шилдэг шийдэл гаргаж ирэн тухайн эвдрэл гэмтлийг аюулгүй засаж сайжруулахыг илүүд үздэг.

Харин энэ чадварыг эзэмшүүлж чамгүй мэдлэг олгож чадах сургалт бол 6 сигма ногоон бүс - DMAIC сургалт гэдэгт би эргэлзэхгүй  байна.  Аливаа асуудлыг зөвхөн яриад байх бус шийдэгч байр сууринаас хандаж шийдлийг гаргаж ирэх чадварыг уг сургалт олгож чаддаг. Асуудлууд зөвхөн ажил хэрэгт бус амьдрал дээр ч хаа сайгүй байдаг шүү дээ. Тийм ч утгаараа энэхүү сургалт манай хамт олонд маш үр дүнтэй байсан ба цаашид ажил амьдралдаа сурсан зүйлсээ хэрэгжүүлэн амжилт өөд тэмүүлэхэд нь бага ч гэсэн тус болох боловуу гэж найдаж байна. Манай компаний хувьд аюулгүй ажиллагаанд маш өндөр анхаарал хандуулан нийт ажилчиддаа сайтар анхаарал хандуулан ажилладаг бөгөөд тэдний ур чадварыг сайжруулж, сурч боловсрох тал дээр нь шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байдаг.

Эцэст нь хэлэхэд бид бүхэнд энэхүү сургалтанд хамрагдах алтан боломжийг олгож өгсөн Оюу Толгой ХХК-ийн ил уурхайн засварын хэлтсийн менежер ноён Жамес Лиз-д талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн,

Ж. Алдарбаяр

Дотоодын махны үйлдвэр олон улсын HACCP тогтолцоог амжилттай нэвтрүүлэв

Дотоодын махны үйлдвэр олон улсын HACCP тогтолцоог амжилттай нэвтрүүлэв

ХНХЧТ нь дотоодын махны үйлдвэрт олон улсын HACCP тогтолцоог нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүний үр дүнд тус компани олон улсын аудитын компанийн хийсэн аудитад тэнцэн гэрчилгээгээ хүлээн авсан.

 Ийнхүү хүнсний аюулгүй байдлын олон улсын тогтолцоог нэвтрүүлснээр тус компани гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай томоохон уул, уурхайн компаниуд, сүлжээ ресторануудад бүтээгдэхүүнээ нийлүүлэн зах зээлээ тэлэн, борлуулалтын орлогоо нэг жилийн дотор 3.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж чадсан.

Орон нутгийн жижиг компани гадаадын дистрибьютор компанитай хамтран ажиллаж байна

Орон нутгийн жижиг компани гадаадын дистрибьютор компанитай хамтран ажиллаж байна

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь “Катерпиллар”-ын уул уурхай, барилга, эрчим хүчний тоног төхөөрөмжийг Монгол улсад нийлүүлдэг дистрибьютор компани бөгөөд өөрсдийн нийлүүлдэг тоног төхөөрөмжийн жижиг хэсэг, эд ангийг засварлах дотоодын түнш компани хайж байв. ХНХЧТ нь ханган нийлүүлэгч ба худалдан авагчийг холбох, бизнесийн харилцаа тогтоох үйлчилгээнийхээ хүрээнд “Дархан Геомаш” ХХК-ийг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-д санал болгож, туршилтын захиалгыг биелүүлэхэд шаардлагатай туслалцааг үзүүлэх, зөвлөгөө өгөх зэргээр хамтран ажилласны үр дүнд тус компаниуд урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус компанийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад нь туслах зорилгоор 2013 онд ХНХЧТ-өөс урьж ажиллуулсан гадаадын мэргэжилтэн нь төмрийн илчийн боловсруулалтыг сайжруулах технологийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн шугамын зохион байгуулалтыг хялбарчилснаас гадна тус үйлдвэрт мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартуудын талаар зөвлөгөө өгсөн. Үүний үр дүнд тус компанийн бүтээгдэхүүний төмөрлөгийн хатуулаг стандартын түвшинд хүрч сайжирсан нь үйлдвэрлэлийн явцад хийсэн удаа дараагийн туршилтаар батлагдсан.

ХНХЧТ нь “Дархан-Геомаш” ХХК-ийн бүтээгдэхүүний чанарыг улам сайжруулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, илүү олон худалдан авагчтай холбож өгөх хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр ажиллаж байна.